card

БАРУУНБАЯН-УЛААН СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

А.НУТАГ ДЭВСГЭР, ГАЗАР ЗҮЙ, БАЙГАЛЬ, ЦАГ УУРЫН МЭДЭЭЛЭЛ

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуунд харьяалагдаж байсан. Засаг захиргааны шинэ зохион байгуулалт явагдсан 1931 онд Өвөрхангай аймаг байгуулахад Баян-Улаан, Хөх бүрд гэсэн 2 сумыг нэгтгэн Баруунбаян-Улаан сумыг шинээр байгуулж байсан түүхтэй. Баруунбаян-Улаан сум нь Өвөрхангай аймгийн нутгийн баруун урд хэсэгт орших ба өөрийн аймгийн Нарийн тээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Богд сумд, Баянхонгор аймгийн Богд сумдтай тус тус хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1260м өргөгдсөн, 394,1 мянган кв.м газар нутгийг эзлэн оршдог. Сумын төв нь Улаанбаатар хотоос 605 км, засмал замаар 520 км, шороон замаар 85 км, аймгийн төв Арвайхээрээс 175 км зайтай оршдог. Физик газарзүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл Бага Богд, Арц Богдын уулсын завсар хөндий дагуу, урд болон баруун талаараа дов, толгод гүвээгээр хүрээлэгдсэн, ерөнхийдөө урдаасаа хойш чиглэгдсэн налуу гадаргуутай, уулсын хоорондох хөндий, хоолойн салхины нөлөө ихтэй, хойд уртрагийн 101 градус 26 минут, өмнөд өргөрөгийн 45 градус 12 минутын солбицолд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Нийт газар нутгийн хэмжээ 394111 га. Нийт газар нутгийн 98 хувийг хөдөө аж ахуйн газар, 0,42 хувийг ойн сан бүхий газар, 0,78 хувийг усан сан бүхий газар, 0,0002 хувийг тусгай хэрэгцээний газар, 0,14 хувийг суурин газар эзэлж байна. Цаг уурын хувьд хуурай халуун зунтай, өвөлдөө хүйтэн, говь хээрийн уур амьсгалтай.  1 дүгээр сарын дундаж температур -18,1 градус  7 дугаар сарын дундаж температур +21,5 градус  жилийн дундаж салхины хурд 3,3м/с  жилийн хур тундасны нийлбэр 50,3 мм

Б.ХҮН АМ ЗҮЙ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Баруунбаян-Улаан сум 2023 оны жилийн эцсээр 2512 хүн амтай ба эрэгтэй 1276, эмэгтэй 1236 байна. Сумын нийт өрх 679.   Сумын хэмжээнд 147761 толгой малтайгаас 1798 толгой тэмээ, 5003 толгой адуу, 4165 үхэр, 50023 толгой хонь, 86772 толгой ямаа байна. 518 малчин өрх, 38 мал бүхий өрхтэй. Сумын хэмжээгээр жилд 8,6 га талбайд үр тариа, 10 га талбайд төмс, 12 га талбайд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 2 га, 12 га талбайд тэжээлийн ургамал тариалж 10,4 тонн үр тариа, 110 тонн төмс, 120 тонн хүнсний ногоо,  жимс, жимсгэнэ 1 тн, малын тэжээлийн ургамал 30 тн хураан авч байна. Сүүлийн жилүүдэд тарвас, улаан лооль, амтат гуа, халтар арвай тариалалтаар аймагтаа тэргүүлж, улс аймгийн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож, зах зээлд нийлүүлж байна.  Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 20 бүлэгт 432 сурагч өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Хамран сургалт 80 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтанд нийт 15 багш хамрагдсан байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 147 хүүхэд, хувилбарт сургалтанд 149 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 98 хувьд хүрсэн. Сумын Эрүүл мэндийн төв нь 2 их эмч, 5 бага эмч, 5 сувилагч нийт 19 ажиллагсадтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллаж байна. Соёлын төв нь 6 албан хаагчтайгаар соёл урлагын үйл ажиллагааг иргэдэд хүргэж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг 1 хоршоо, 44 иргэн, талх нарийн боов үйлдвэрлэлээр 2 иргэн, оёдол эсгүүрийн чиглэлээр 6 иргэн, дугуй засвар 2 иргэн, төмөр хийц , гагнуурын чиглэлээр 2 иргэн, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр 1 иргэн, модон эдлэлийн чиглэлээр 2 иргэн, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 10 аж ахуйн нэгж, иргэн тус тус ажиллаж байна. Аялал жуулчлалын чиглэлээр 1 аж ахуйн нэгж 3 иргэн үйл ажиллагаа явуулж байна. Тус сумын Хүрэн хадны рашаан, элсний эмчилгээг түшиглэсэн жуулчны баазуудад жилдээ 3000-5000 хүн ирж үйлчлүүлж байна. Мөн гадаадын жуулчдад зориулсан өвөл зуны тэмээн аялалыг зохион байгуулж байна.

В. ДЭД БҮТЦИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Сумын газар нутагт хатуу хучилттай зам байхгүй, сумаас аймаг хүртэл 175 км зайтай ба 85 км шороон замаар явж, хатуу хучилттай замд нийлдэг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Сумын төв нь төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон. 2007 онд баригдсан 10/35/10квт-ийн дэд станцтай. Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгийг цэвэр бохир усны системд холбох ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн. 1 төвлөрсөн уурын зуух ажиллаж, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Соёлын төв, Суруулийн өмнөх боловсролын байгууллага, Бизнес хөгжлийн төв, Цагдаагийн кабон байр, 8 айлын орон сууц, ХААН банк, Төрийн банк болон дэлгүүрүүдийг дулаанаар хангаж байна. Орон сууцтай 7 өрх дулаанаар хангагдсан. Үүрэн холбооны Мобиком, Скайтел, Юнител, Жи мобайл, 2 шатахуун түгээх станц тус тус үйл ажиллагаа явуулж байна. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг ажиллаж, сумын төвийн хүн амыг ундны усаар хангаж байна.

БАРУУНБАЯН-УЛААН СУМ

Content