Нийгмийн даатгалын хуулинд орсон 11 өөрчлөлт

НДЕГ-аас Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх өөрчлөлтүүдийг танилцуулав. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42000 төгрөгөөр тооцож төлөх талаар өнөөдөр мэдээллээ.

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль 2017 онд батлагдсан. Шимтгэлийн хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцож төлнө. Уг хуулийн үйлчлэлд 88,1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34,8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан.

ХОЁРДУГААР САРААС НИЙТ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулна. Нийт 421 мянган иргэний тэтгэврийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс 8 орчим хувиар нэмэгдүүлэхээр болсон.

ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН ДОЛООН ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААС ТОГТООНО Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.

ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд: Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь гурван нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО Өмнө нь 70 хувиар тооцдог байсан бол энэ сарын 1-нээс эхлээд сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгоно.

АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ ЭХ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРТЭЭ ТЭТГЭМЖ АВНА Ажил, хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Өмнө нь хоёр удаа олгодог байсан юм.

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ Дараах 4 нөхцөлтэй иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэхээр болсон. Нэгдүгээрт: 15 жилээс доошгүй хугацаагаар улсад ажилласан 3 хүртэлх насны хүүхэд үрчилж авсан буюу 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүдийн хувьд 15 жил ажиллаад 50 нас хүрсэн бол хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож байсан эхчүүд. Хоёрдугаарт: Нийтдээ 20 дээш жил улсад ажилласан буюу 4-ээс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд нас харгалзахгүй тэтгэврээ тогтоолгож байсан эхчүүд. Гуравдугаарт: Хуучин хуулиар 55 насандаа буюу 20-оос дээш жил ажилласан тохиолдолд тэтгэвэр тогтоодог байсан. Тэгвэл тухайн үед 27 жил улсад ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоож өгдөг байсан. Дөрөвдүгээрт: Эрэгтэй хүмүүсийн хувьд 25 жилээс дээш ажиллан 60 насандаа тэтгэврээ тогтоолгодог байсан. Тухайн үед 32 жилээс дээш улсад ажилласан бол 60 нас хүрээгүй байхдаа тэтгэврээ тогтоолгосон иргэд. Дээрх дөрвөн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 12.7 тэрбум төгрөг зарцуулна. Түүнчлэн төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.6 сар нэмж тооцно. 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56700 төгрөг болов. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14858 төгрөг /420000 төгрөг*75%/21,2 өдөр/, нийт тэтгэмж /76 өдөрт олгох/-ийн доод хэмжээ 1129245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн. Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг 1 удаа сунгасанд тооцно.