Анхны сурагч солилцоо хөтөлбөр Франц улсруу амжилттай хэрэгжлээ.

АНХНЫ СУРАГЧ СОЛИЛЦОО ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, АЯНЫ БОГЦ ДҮҮРЭН БУЦАЖ БАЙНА.

 Франц Улсын Энх тайвны Урлахуй нийгэмлэг, Кристан Морделетын урилга, хамтын ажиллагааны хүрээнд Манай бяцхан сурагчид багш нарын хамт Франц Улсад 28 хонож, 5 хотод 5 удаагийн урлагийн тоглолтоор Франц Улсын 2000 гаруй иргэд хүүхэд багачуудад Үндэсний урлаг, соёлоо сурталчилж, Франц орны хөгжил дэвшил, хүн ардын ахуй соёл, сургуулиудтай танилцан олон сайхан дурсамж үлдээн өнөөдөр буцаж байна. Бид зөвхөн урлаг, соёлоо түгээгээд зогсохгүй Франц Улсын Брусеи, Ла Батие хотуудтай сумаа холбож, найрамдалт харилцаа тогтоож цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаар болж, сумын түүхийн хуудас гадаад харилцааны салбарт тодоор тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдлын гэрч болж, албан ажилаа амжилттай хэрэгжүүллээ. 

Франц Улсын Брусеи, Пуитерс, Албертвилл хотуудын сургуулиудтай хамтран ажиллаж, сурагч солилцоо хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Мөн Франц орны хөгжил дэвшил ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, дэд бүтэц, үйлдвэр технологийн газруудын үйл ажиллагаатай танилцаж, хог хаягдлын менежментийн талаар томоохон туршлага хуримтлууллаа. Манай хүүхэд багачууд Франц Улсад урлаг соёлоо түгээхийн зэрэгцээ Монгол хүний оюун ухааны хурд хүч, сэтгэн бодох чадвар, хувийн болон багийн зохион байгуулалт зан аашаараа Францчуудын зүрх сэтгэлийг татаж магтагдан сайшаагдаж байлаа.

Бид бүхнийг хүлээн авч Эх орон, ээж аав шиг минь байлгасан Франц Улсын элгэмсэг, найрсаг хотуудын болон сургуулийн удирдлагууд, аав ээжүүд, сурагч хүүхэд багачууддаа халуун талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Францчууд та бүхэн маш сайхан хүмүүс, Та бүхнийг бидний сайхан Монгол оронд дахин дахин зочлохыг урьж байна.

Бидэнд энэхүү томоохон боломжийг олгосон Эрхэм Кристиан Морделет, Франц Улсын сенатын гишүүн Францын Сенат дахь Франц, Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн, сенатор хатагтай Мартин Бэртэ, Монгол, Франц Улсын Элчин сайдын яамдууд, биднийг дэмжин ажилласан УИХ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг Өвөрхангай аймгийн Засаг дарга Ишдорж Адьяадолжин хуульч Altangerel Oyunsaikhan Боловсрол, Шинжлэх ухааны газар , Хөгжимт драмын театр нарт баярлаж талархсанаа илэрхийлье.

 Бидний энэхүү айлчлал, аялал, сурагч солилцоо хөтөлбөр маань төрөөс нэг ч төгрөгийн зардал гараагүй болно. Франц оронд Урлаг соёлоо түгээж, хамтын ажиллагаа тогтоох анхны шанг татсан Эрхэм багийн бүрэлдэхүүндээ болон гэр бүл аав ээжүүдэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Бидний гаргасан энэ сайхан замаар Олон олон хүүхэд багачууд, авьяастнууд урлаг соёлоо түгээж, улс хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр орны хүүхэд багачууд, хүн ардын ах дүүгийн барилдлага бат сайхан байж, эх сайхан нутаг минь цэцэглэн хөгжих болтугай.